Tuesday, January 20, 2015

Зорилго ба хариуцлага


Бага байхаасаа л би сайхан орчинд тайван амьдрахыг хүсдэг байж билээ. Эрүүл саруул, элэг бүтэн, мэдлэг боловсролтой бас сайхан хүмүүсийн хүрээлэлд ажиллаж амьдардаг тийм л хүн болохыг зорьж төсөөлж мөрөөдөж явдаг нэгэн. Энэ бүхэн биелэнэ гэдэгт биш биелүүлнэ гэдэгтээ л би итгэдэг. Бодоход сайхан ч бодит болгоход ихээхэн зүтгэл, тэвчээр, сахилга батыг шаардах энгийн басхүү гүн.
Эрүүл саруул амьдрах хүсэл нь өөрөө зорилго болох үед миний үйлдэл дагаад өөрчлөгдөх хэрэг гарна. Аль болох өглөө эрт босч цайгаа уучихаад хичээлдээ явах, спортоор хичээллэх эрмэлзлэл болон боломжтой үед идэвхитэй хөдөлгөөн хийх зэрэг нь надад бол бас нэг жижиг биш даваа минь. Үүнээс эхлээд л зорилго өөрөө үйлдлийг минь өөрчилж өөртэй минь тэмцэх тэмцэлд дууддаг нь  хүнд хэдий ч миний хүсэлдээ хүрэх шат минь болж байх шиг.
Миний энгийн зорилгын эхний хэсэг л өөрөө ийм байна. Гэтэл дараа нь элэг бүтэн амьдрах гэж томоохон даваа бий. Энэ бол хамгийн ээдрээтэй бас заавал давах мэдэх чадах ёстой зүйлүүдийн минь нэг. Эцэг эхээ асрахаас эхлээд дүүгээ сайн сайхан сэтгэлтэй хүн болгох мөн эмэгтэй хүнийг ойлгож хосуудын харилцаанд зөв хандаж сурах нь надаас хол хэдий ч мэдэх шаардлага тулгарах учир би бэлтгэх хэрэгтэй. Бидний насныханд зориулсан хайр болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар зохиол номууд болон кино байдаг нь ойлголт авах боломж биз ээ.
Мэдлэг боловсрол өөрөө хүнийг шалган сорьж, хүмүүжүүлж чаддаг. Би сонгосон мэргэжилдээ сайн суралцах шаардлагатай. Миний үзэж буй хичээлүүдийн дүн сайн байх нь гол биш харин би тэндээс тодорхой хүрээнд хангалттай мэдлэг авах хэрэгтэй. Хэрэв би ингэж чадсан бол үнэлэгдэх үнэлгээ минь тэнцүү л гарах ёстой. Хичээлүүдийн минь бас нэг давуу тал үүсгэх зүйл бол арга барил дадал суух хугацаа болон боломжууд энд надад гаргаж өгдөг. Ном уншихыг уншиж чаддаг л бол хүн бүр хийж чадна гэж боддог хүнтэй би таарч байсан юм. Минийхээр бол үгүй. Би 5-р ангид байхдаа Цагаан соёот” гэж хүүхдийн зохиолыг унших даалгавар ээжээсээ аваад энэ номтой ёстой тэмцэлдэж билээ. Зураг цөөхөн бас зузаан тэр үедээ дуусгах гэж их л удсан юмдаг. Дараа дараагийн номнууд унших хурд нэмэгдэн энэ мэтээр явсаар одоо суугаад номоо төвлөрч уншдаг болсон нь эхийн минь надад суулгасан дадал мөн. Мэрэгжлийн ном сурах бичгүүдийг уншихад энэ л дадал хэрэг болж байна. Би энэ л  цагт сурч мэдэж чадвал миний мэдлэг дадал 2 надад дараа дараагийн боломжуудыг үүсгэнэ гэдгийг ухаарч ойлгох шиг.
Миний хүсэл зорилгын бас нэгэн хэсэг нь сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн орчинд амьдрах. Гэтэл би л өөрөө хүсэж буй хүмүүс шигээ эсвэл тэднээсээ илүү сайхан сэтгэлтэй, эелдэг, ёс зүйтэй байж хүмүүс өөрчлөгдөнө бас ийм хүмүүс татагдана  гэж би итгэдэг. Энэ бол би өөрөө бодлоосоо эхлээд бүр угаасаа өөрчлөгдөх асуудал тавигдаж эхлэнэ. Би тийм ч муу хүн биш гэж өөрийгөө үнэлдэг ч илүү хүнлэг бас өөр түвшинд байхын тулд ном их уншиж бодол сэтгэлээсээ өөр байх шаардлага гарна.
Дээрхи бүх хариуцлагууд зорилгоос минь урган гарч ирсэн бөгөөд үүнийгээ тодорхой цагт ухамсарлан биелүүүлэх нь л надад ирж буй шалгалт бас боломж ч гэж харахаар тохиолууд юм.

Би нэг семистерт мэдлэг боловсролтой болж, нэг өдөр эмчид очоод эрүүл саруул болж, нэг л хоромд сайн хүү, сайн ах болж бас нэг л үйлдлээс сайн сайхан хүнд хувирч чадахгүй. Гэсэн хэдий ч би зорилгодоо үнэнч байж түүнийхээ араас тууштай байж өөрийн би” гээ даван туулж хүссэн хүнээ өөрөө бүтээхээр урагшилж байна.